Tuesday, October 18, 2011

Xoshuud

Дээд монголчууд өөрсдийгөө хавт Хасарын үр хойчис Хошууд овогтон гэдэг.
Ингэж яригддагийн учир нь хавт Хасарын 19-р үеийн үр удам болох гэгээн Гүүш /Төрбайх/ 1637 онд Хөхнуур, Төвдийн өндөрлөгийг байлдан дагуулж, төвд, монголыг хамтатгасан Хошууд хаант улс байгуулж, 80 шахам жил ноёрхон захирч, нэр төрөө мандуулж байсан. Түүнээс хойш 370 гаруй жилийн туршид үр удам нь болох дээд монголчууд газар нутаг, хэл, соёл, аж амьдралаа өвлөн хамгаалж, уламжлан хадгалсаар иржээ. Хошууд аймгийн ахлагч гэгээн Гүүш /1582-1655/ бол монгол үндэстний түүхэн дэх нэр төртэй удирдагчийн нэг юм. Нэр нь Төрбайх гэдэг. Чингис хааны дүү хавт Хасарын 19-р үеийн үр хойчис Гүүш хааны өвөө нь Бүүвэй Марзи, эцэг нь хань ноён Хонгор гэдэг. Хань ноён Хонгор зургаан хүүтэй. Ууган хүү нь Хайниг Тушаат, хоёрдугаар хүү нь Байвгас, гуравдугаар хүү нь Хөндлөн Увиш, дөрөвдүгээр хүү нь Төрбайх, тавдугаар хүү нь Саран Хадан баатар, зургадугаар хүү нь Буяа Отгон гэдэг. Үе удмаараа Ойрадын хаад болжээ. Хошууд аймаг бол хавт Хасарын долдугаар үе болох Ах сахалтай ноён Араг төмөр, Өрөг төмөр хоёр хүүтэй байсан. Ах сахалтай ноён нас барсны дараа хоёр хүү нь өмч хөрөнгө, албат хошуугаа булаалдан эвдрэлцжээ. Ах Араг төмөр нь эцгийнхээ орыг залгамжилж, дүүдээ өмч хөрөнгө хуваахдаа хошуу болгоноос ядуу доройгий нь ялган өгчээ. Ингээд Өрөг төмөр гомдохдоо өгсөн албатаа аваад /1430-аад он/ Тэнгэр уулыг зорин нүүдэллэж Ойрадын Тогоон тайшийг түшихээр очжээ. Чингис хааны алтан урагтан болох Өрөг төмөрийг Ойрадын Тогоон тайш ихэд таашааж охиноо өгч, хот хотлоор болон албат нэмэн өгчээ. Ингээд хошуу болгоноос цугларч ирсэн албат болохоор Хошууд аймаг гэж нэрлээд Дөрвөн Ойрадын холбоонд оруулжээ. Сүүлээр нь Ойрадын дотоодод задрал гарч феодалын самуун дайн үргэлжилж байсан ч Хошууд аймаг энэхүү хагарал задралыг эсэргүүцэж дотоодын бүлгэмдэлийг чухалчилж байлаа. XVI зууны эхэн үе ялангуяа Өрөг төмөрийн есдүгээр үеийн ач Бүүвэй Марзи ноёны үе болох хошуучууд харь дайсантай эрэлхэг тэмцэлдэж, дөрвөн Ойрадын эвлэрлийг бэхжүүлэхээр тэмцсэнээр байр суурь нь улам дээшилж аажмаар Хошууд аймаг нь дөрвөн Ойрадын холбооноо түрүү болжээ. Бүүвэй Марзийн хүү хань ноён Хонгор бол Хошууд аймгий ноён төдийгүй дөрвөн Ойрадын түрүү байжээ. Түүний хөвгүүд таван барсын ах Байвгас эцгээ залгамжилж, дөрвөн Ойрадын түрүү болж байгаад XVII зууны 30-аад онд нас барж Гүүш хаан суурийг нь залгамжлах болжээ. Гэгээн Гүүш 1582 онд төрж 1595 онд 13 настайдаа ах цэрэг дайчлан цагаан малгайтаныг дараад, Тэнгэр уулын ар, өвөр, Алтайн нуруу, Эрчис голын хавиас Үрэмч, Баркул хүртэл өргөн уудам нутагтай, Ойрадын дотор нэр төр нь мандахаар барахгүй алс тэртээ Хөхнуур, Төвдийн өндөрлөг дэх төвдүүдэд ч нэр нөлөөтэй болжээ. 1607 онд Ойрадын түрүү хань ноён Хонгор нас барж Халх, Ойрадын хооронд үл ойлголцох мэтгэлцэл гарч энэхүү мөргөлдөөнийг эвсүүлэхээр гэгээн Гүүш биеэр Халхад очиж эв зүйг нь олгож ойлголцуулаад халх, ойрад хоёр талын хүндэтгэлийг олж “Их улсын багш” хэмээх цол хүртээд Гүүш гэж алдаршжээ. 1616 оноос Ойрадын ноёд шарын шашныг шүтэх болж Зууд /Лхас/ очиж мөргөл хийх, үр хүүхдэддээ ном сургахаар очуулах зэргээр шарын шашинтай аажим аажмаар ойртож, шарын шашны дээд давхаргатантай харилцаатай болж байлаа. Тухайн үед Ойрадын аж ахуй хөгжиж бэлчээр нутгийн өргөтгөл хийх шаардлагатай болж Ойрадын феодал ноёдын хооронд зөрчил, мөргөлдөөн ширүүсч эхэллээ. Ингэхэд хэзээнээс эв нэгдлийг баримталсаар ирсэн Гүүш хаан 1625 оноос аймгаа дагуулж баруун тийш нүүдэллэн Колком мөрний урсгал дагуу орноор нутаглаж, 1634 онд Зүүнгар аймгийн Баатар хун тайжтай хамтран Хасагийг дайлах дайнд мордоод ялалт олжээ. 1632-1636 оны хооронд Эрчис мөрний салбар Довор голын дагуу шилжиж, угийн бэлчээр нутагтаа дөхөж ирсэн боловч шинэ бэлчээр нутаг эрэлхийлэх зангилгын цаг мөч байлаа. Удсангүй баруун Төвдөд улаан, шарын шашинтнууд зөрчилдөж, шарын шашинтнууд ялагдаж, тэргүүн нь аль эртээс хүчин чадал, нэр төрийг нь мэдэх Хошууд аймгийн түрүү гэгээн Гүүшид элч илгээж туслалцаа гуйсанд дөрвөн Ойрадын дотор байр суурь% хүчин чадлаараа тэргүүлж байсан түүнд аз таарч 1636 оны өвөл Баатар хун тайжийн хамт Ойрадын холбоот торгон цэргийг дайчилж, Хошууд аймгаар гол хүчин болгож, Зүүнгар аймгаар зүүн гар, Торгууд аймгаар баруун гар болгон хойноос нь дөрвөд, хойд аймгийн цэргийг томилж, цас мөстэй улирлыг ашиглан Хөхнуур, Төвдийн өндөрлөгийг дайлаар морджээ. 1637-1639 оны хооронд Хөхнуур, Бигэрээ, Цан орнууд дахь улааны шашинтнуудыг бүрэн устгаж Төвдийн Иу, Цан, Кам гурван орныг нэгтгэн авчээ. 1639 оны хавар Баатар хун тайж цэргээ аван Ойрад руугаа буцахад гэгээн Гүүш “Шоргоолжин мэт олон тангад дотор би ганцаар яаж суух вэ. Та нар хариад миний албат бас нөхөд болох улсыг илгээгтүн” гэж захижээ. Хун тайж харьж хүрээд гэгээн Гүүшийн захиа ёсоор хошуудын Хөндлөн Увишийг албаттай нь, мэргэн Жуунанг албаттай нь, хун тайжийн хөвгүүн өнчин Сэцэн зэрэг хүмүүсийг илгээжээ. 1642 оны өвөл гэгээн Гүүш төвд, монголын хаан сууж, Хошууд хаан төрөө байгуулжээ. Үүнээс хойш түүний үе залгамжлагчид 75 жил хаан ширээнд сууж Хөхнуур, Төвдийн өндөрлөгийг нэгдэлтэй захирч өндөрлөгийн сээр нуруун дахь монголчуудаа Дээд монгол хэмээн нэрийдсээр эдүгээ хүрчээ. Гэгээн Гүүш хаан Төвдийн өндөрлөгт Хошууд хаант төрөө байгуулснаас хойш 1654 онд таалал төгсөх хүртлээ Хөхнуур, Төвдийн өндөрлөгийг нэгтгэн захирч Мин улсын сүүлчээс хойших Хөхнуур, Төвдийн өндөрлөг дэх самуун дайныг зогсоож, анх алхам амар тайван нэгдлийг буй болгосон байна. Монгол, төвд үндэстний улс төр, аж ахуйн болон соёлын харилцааг сайжруулж, халх ойрад, хөхнуурын монгол ба төвд үндэстний улс төрийн харьцааг чангатгаж, олон үндэстнийг бүлгэмдүүлсэн зэрэг гавьяа зүтгэл гаргасан өнөөдрийн дээд монголчуудын 370 жилийн түүхийг дуулж ирэх гүүр шат нь болсон гэхэд ахдахгүй байх. 1690 оноос Чин улс Хөхнуур, Төвдийн өндөрлөгийг эзлэх санаагаа хурцалж Энх-Амгалан хаанаас урьдаар дайн байлдаанд эрэлхэг дайчин монголчуудыг эрхшээлдээ оруулахын төлөө хээл хахууль, хов жив, гааль гувчуураас аваад есөн шидийн арга хэрэглэж монгол, төвдийг хооронд нь мөргөлдүүлэхээр барахгүй монголчуудыг хоор хооронд нь өдөөсөөр байгаад 1760 он болоход Хошуудын хаадын эрх мэдэл аажим аажмаар суларч бүхий л дээд монголчуудын дотоодод нэгдэлтэй захирал алдагдах боллоо. 1714 он болоход Монголын хаадад бэйл, бэйс, туслагч, гүн, чин ван гэх мэтээр Чин улсын хараанд орсон нэр зүүлгэж, жижиг эрх мэдэлтнүүдийн эрх мэдэл, шунал хүслийг дэврээж өглөө. 1720 онд Чин улсаас далай лам Галсанжамцыг Төвдөд хүргэх нэрээр Дээд монгол руу цэрэг орууллаа. 1723 онд Гүүш хааны ууган хүү Дашбаатарын хүү Лувсанданзан Цагаан толгой хэмээх газар Хөхнуурын тайж нартай чуулган чуулж, өөрийгөө “Далай хун тайж” /дээд монголчууд “Данзан хун тайж” гэдэг/ өргөмжилж, бусад тайж нарыг хуучны монголын дуудлагаа сэргээж, Манж Чингийн цол өргөмжлөлийг хаяж “Дээдсийн хүчирхэг төрөө сэргээн мандуулъя” гэдэг уриан дор Манжийн эсрэг төвд монгол хорин мянган хүнийг дайчлан байлдсан ч ялагдаж үлдсэн хэсэг монголчууд нь Манжид бууж өглөө. 1725 оноос Чин улсын төр засаглал Хөхнуур, Төвдийн өндөрлөгт аажмаар хэрэгжиж, Хошууд аймгаар голлосон торгууд, цорос, хойд, халх зэрэг таван аймгийг зүүн, баруун гарын 29 хошуу болгон хувааж дээд монголчуудын засаг захиргаа Мөнжийн эрхэнд бүрэн орлоо. Манж Чингээс явуулсан “Төвдийг тэтгэж, монголыг хязгаарлах” төрийн бодлогын доор монголын нийгмийн байдал улам тогтворгүйтэж, удаа дараагийн талхидал дээрэмдэл, нутаг орноосоо оргож зугтсанаас хүн амын тоо эрс доошилж харь дайсантай тэмцэх хүчин мөхөсдөж, XVIII зууны сүүлч, XIX зууны эхэн гэхэд газрын аглаг бараадан амьдардаг малчид, сүм хийдэд шавилан буй лам хуврагаас өөр цэргийн хүч, төр засаглал гэж ор мөргүй устлаа. XX зууны 30, 40-өөд он болоход улаан хасгийн дайн, мабуфангийн дээрэмдлэгээс бараг л үндэс тасарчихаагүй хэдэн монголчууд шинэ Дундад иргэн улс байгуулагдахад ерөөсөө 50 мянган хүн ам үлдсэн байлаа. Дээд монголчууд XX зууны 40, 50-иад он хүртэл Монгол улстай харьцаа холбоо сайн байж 60-аад оны эхээр тэмээн жинчид Да хүрээ явдаг байж. Одоо ч гэсэн дээд монголчуудын дотор Да хүрээгийн эдлэл хэрэгсэл хэт хутгаас авахуулаад хуучин эдлэл зөндөө байдаг. 60-аад оны сүүлч Соёлын хувьсгалаас хойш Монгол улстай харьцаа холбоо тасарч 90-ээд онтой золгосон байна.

1 comment:

  1. Сайн байн уу, сайхан сайт байна. Би өөрөө Гүш хааны удмын охин байна л даа. Гүш хаан одоо саяхнаас удамдаа заларсан байгаа. Өвөг дээдэс нь мөн адил. Иймд өвөөгийнхөө талаар илүүд мэдэхийг хүсэж байнаа. Надад туслаарай. Миний месенжерийн хаяг: tumee_choi@yahoo.com

    ReplyDelete

Та хэрвээ манай сайт -д бүртгэлгүй, эсвэл @Gmail.com -д бүртгэлгүй бол та Comment as -руу орж Name/URL -ыг сонгож Name -дээр нэрээ бичиж,URL -дээр юуч бичэхгүй Continue дарж сэтгэгдэлээ бичиж болно.